МЭДЭЭ
Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор, Сувилахуйн сургуулийн захирал, доктор, дэд профессор Д.Дуламсүрэнгийн эрдэм шинжилгээ, судалгааны амжилт бүтээлийн талаарх мэдээлэл Бүгд Найрамдах Солонгос Улсын Шинжлэх ухаан, технологийн академи (KAST)-ийн албан ёсны сэтгүүлд нийтлэгдлээ.БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн академи (KAST) нь инженерчлэл, анагаах ухаан болон бусад салбарын тэргүүлэх эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн, тус улсын хамгийн нэр хүндтэй үндэсний академик байгууллагуудын нэг бөгөөд шинжлэх ухаан, технологийн бодлого, академик хөгжлийн чиглэлээр зөвлөх үүрэг гүйцэтгэдэг байгууллага юм.
Тус академийн албан ёсны сэтгүүл нь арилжааны бус, шинжлэх ухааны бодлогын чиглэлтэй академик хэвлэл бөгөөд өндөр түвшний академик мэдлэг, мэргэжилтнүүдийн судалгааны үр дүн, онолын үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэх зорилготой. Мөн тэргүүлэх судлаачид болон олон улсын эрдэмтдийн бүтээлийг танилцуулах замаар дэлхийн хэмжээний академик хамтын ажиллагаа, шинжлэх ухааны манлайллыг онцлон харуулж, үндэсний болон олон улсын хөгжлийн бодлогод хувь нэмэр оруулах мэдлэгийг түгээхэд чиглэдэг байна.
Сургалт, эрдэм шинжилгээний салбарт оруулж буй бодит хувь нэмэр, олон улсын түвшинд үнэлэгдсэн энэхүү амжилтад нь доктор, дэд профессор Д.Дуламсүрэн танд баяр хүргэж, цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

