“БНСУ-ЫН УЛС ТӨР” СЭДВИЙН ХҮРЭЭНД ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ФОРУМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
  • By iuuadmin
  • 2025-10-23
  • No Comments

“БНСУ-ЫН УЛС ТӨР” СЭДВИЙН ХҮРЭЭНД ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ФОРУМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Олон Улсын Улаанбаатарын Их Сургуулийн Солонгос судлалын хүрээлэн нь 2003 онд байгуулагдсанаас хойш Монгол дахь Солонгос судлалын хөгжлийн суурийг тавьж, олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлсээр ирсэн билээ.


2022 онд тус хүрээлэн нь БНСУ-ын Солонгос Судлалын Академийн “Их сургуулийг түшиглэн хилийн чанад дахь Солонгос судлалыг хөгжүүлэх” хөтөлбөрт шалгарч, 2 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 5 жилийн төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд сүүлийн гурван жилийн хугацаанд Солонгос судлалыг хөгжүүлэх олон ажлыг амжилттай хэрэгжүүлж ирлээ.


Хөтөлбөрийн үндсэн зорилго нь гадаадын их сургуулиудыг түшиглэн бүс нутгийн Солонгос судлалын судалгааны төвүүдийг хөгжүүлэх, мөн ойролцоох орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршдог.


2025 он нь Монгол, Солонгос хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож буй онцгой жил юм. Энэ хүрээнд Солонгос судлалын хүрээлэнгээс “БНСУ-ын улс төр” сэдвийн дор олон улсын эрдэм шинжилгээний форумыг амжилттай зохион байгуулав.


Форумын хүрээнд БНСУ-ын улс төрийн чиглэлээр судалгаа, нэг сэдэвт бүтээл, сурах бичиг боловсруулах, эрдэм шинжилгээний сэтгүүл эрхлэн гаргах зэрэг олон ажил хийгдсэн бөгөөд энэхүү арга хэмжээ нь хөтөлбөрийн гурав дахь жилийн төгсгөлийн чухал үйл явдал байв.


Арга хэмжээнд: Монгол дахь БНСУ-ын Элчин сайдын яам,
Монгол–Солонгосын парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ,
Парламентын Аудитын алба,
Эдийн засгийн хөгжлийн яам,
Засгийн газрын хэрэг эрхлэх газар,
Гадаад харилцааны яамны Ази, Номхон Далайн газар,
Эдийн засгийн хөгжлийн төв,
Удирдлагын академи,
Монополын эсрэг газар,
МУИС,
мөн Зүүн хойд Азийн аюулгүй байдал, стратегийн судлалын хүрээлэнгийн төлөөлөл оролцлоо.

* Хэлэлцүүлгийн гол агуулга

1950 оны Солонгосын дайнаар бараг бүрэн сүйрсэн БНСУ нь 75 жилийн дараа буюу 2025 онд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын нэг болж чадсан билээ. Энэхүү амжилтын цаана төрөөс хэрэгжүүлсэн урт хугацааны хөгжлийн стратеги, бодлогын шийдвэрүүд голлох нөлөө үзүүлсэн юм.

Форумын үеэр БНСУ-ын хөгжлийн гол түлхүүр стратегиудыг танилцуулж, Монгол Улсад эдгээр туршлагыг хэрхэн нутагшуулах боломжтой талаар судлаачид, мэргэжилтнүүд хамтдаа хэлэлцлээ.