“Чингис Хааны удамт академич Ринчен” шинэ бүтээл хэвлэгдэн гарлаа
Академич, доктор, профессор Б. Ринчений мэндэлсэний 120 жилийн ойд зориулсан Олон улсын Улаанбаатарын их сургуулийн хоёр дахь бүтээл хэвлэгдэн гарч, өнөөдөр тус сургуулийн ректор доктор (Sc.D), профессор Кан Юу Ёльд гардуулав.Тус номын зохиогч нь Монгол Улсын ШУ-ны гавьяат зүтгэлтэн, академич Б. Ринчений тамгат шавь (1967.03.17), ОУУБИС-ийн Чингис хаан судлалын хүрээлэнгийн захирал, доктор (Sc.D), профессор Б. Сумьяабаатар юм.
“Чингис Хааны удамт академич Ринчен” нэртэй энэхүү бүтээл нь нийт 447 нүүр бөгөөд академич Ринчений алдартай бүтээлүүд, амьдралын баримтат түүх, судалгааны өв санг дахин нээсэн томоохон өгүүллүүд багтжээ. Мөн “Корйө удамт монгол удган” зэрэг ховор хэрэглэгдэхүүн, судалгааны шинэ баримтуудыг анх удаа нэгтгэн хүргэсэнээрээ онцлогтой.
Олон улсын Улаанбаатарын их сургууль тус үйл явдлыг Монголын шинжлэх ухаан, судалгааны салбарт үнэ цэнтэй хувь нэмэр болно гэж үзэж байна.

